Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны цахим хуудаст зочилж буй Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

2024-10-01


Эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэе!

 

Би Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа ороод байна.

Монгол Улс өнө мөнхийн хөрш БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд хоёр улс бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэж, Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлж байна.

Сайн хөрш, сайн түншийн хувьд манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа түүхэн сорилтууд, он цагийн шалгуурыг даван туулж, хамтын ажиллагааны шинэ боломж, агуулгаар тасралтгүй баяжин хөгжиж байна.

Монгол, Хятадын улс төрийн харилцаа идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжин, улс төрийн итгэлцэл, ард түмний харилцан ойлголцол батжин хамтын ажиллагааны хөдөлгөгч хүч болж буйд баяртай байна.

Газар нутаг, хүн ам, хөгжлийн түвшний хувьд ялгаатай улс орнууд хэрхэн харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлж, хамтдаа хөгжиж болдгийн жишиг болох хөрш зэргэлдээ орнуудын харилцаатай байхаа хоёр тал харилцан илэрхийлсэн билээ.

Элчин сайд, ЭСЯ-ны хамт олон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд БНХАУ болон эндээс хавсран суугаа бусад орнуудтай хоёр талын болон олон талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүхий л чиглэлээр хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно.

Цаашид хоёр улсын газар зүйн байршил, эдийн засгийн харилцан нөхөх давуу талаа ашиглаж, ард түмнүүдийнхээ сайн сайхны төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарууд, инновацын төслүүдийг дэмжих, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, суугаа оронд сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд, аж ахуй нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн үүсгэн байгуулсан холбоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд онцгойлон анхаарна.

Энэхүү цахим хуудас нь Та бүхэнд Монгол, Хятадын харилцааны талаар үнэн, бодит мэдээллийг шуурхай хүргэж байхын зэрэгцээ Таны санал, зөвлөмжийг хүлээн авах, эргэх холбоотой байхад үргэлж нээлттэй байх болно.

Манай ЭСЯ-ны цахим хуудсанд зочилсон Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн,

 

НЯМААГИЙН ЭНХБОЛД

 

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД