images

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ДОРНО ДАХИНЫ СУДЛАЛЫН САЛБАРЫН 80 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Элчин сайдын яамны мэдээ

2026-09-24

10

Бээжингийн Их сургуулийн Дорно дахины судлалын салбар үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээ 9 дүгээр сарын 19-ний өдөр тус сургуульд зохион байгуулагдав.

Арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, Бээжингийн Их сургуулийн захирал Гао Сун болон тус сургуулийн эрдэмтэн судлаачид, багш, оюутан, төгсөгчдийн 300 гаруй төлөөлөгч оролцов.

Элчин сайд Н.Энхболд ойн арга хэмжээнд мэндчилгээ дэвшүүлж, Дорно дахины судлалын салбар 80 жилийн хугацаанд хэл, түүх, соёл, бүс нутаг, улс орон судлалын чиглэлээр сургалт, судалгааг хөгжүүлж, улс орнуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв.

Тэрбээр тус салбарын анхны хэлний ангиудын нэг болох Монгол хэлний анги олон жилийн турш Монгол хэл, түүх, соёлын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд, цаашид хоёр орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, залуу судлаач, оюутнуудын солилцоог нэмэгдүүлэхийн чухлыг онцлов.

Мөн ойн арга хэмжээний үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Хуан Жякуй Элчин сайд Н.Энхболдтой уулзаж, Монгол, Хятадын харилцаа, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны талаар ярилцав.

Ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал, залуу судлаачдын форум зохион байгуулагдаж, Дорно дахины судлалын уламжлал, хөгжлийн чиг хандлага, хэл, түүх, соёл, бүс нутаг, улс орон судлалын асуудлаар эрдэмтэн судлаачид санал солилцов.