ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД БНХАУ-ЫН ГХЯ-НЫ АЗИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ШЭНЬ МИНЬЖЮАНЬТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирлаар томилогдсон хатагтай Шэнь Миньжюаньтай уулзав. Элчин сайд Н.Энхболд хатагтай Шэнь Миньжюанийг шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломат ГХЯ-ны Азийн асуудлыг хариуцсан захирлаар томилогдсон нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүний хариуд хатагтай Шэнь Миньжюань Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа онцлов.
Уулзалтаар талууд хоёр талын хооронд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.