images

ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Элчин сайдын яамны мэдээ

2026-06-23

29

Сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. БНХАУ нь Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түншийн статусаа олон жилийн турш хадгалж байна.

Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах зорилгоор талууд 2008 онд “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.

Уг хөтөлбөрийг 2014 болон 2022 онд шинэчлэн байгуулж, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чиглэл, зорилт, тэргүүлэх салбаруудыг тодорхойлон хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр нь хоёр талын хамтын ажиллагааг төлөвлөгөөтэй, үе шаттайгаар хөгжүүлэх бодлогын чухал баримт бичиг юм. Талууд хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтмол үнэлж, хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлон ажиллаж байна.

Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээ тасралтгүй өргөжиж, 2025 онд хоёр талын худалдаа 18,5 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс Монгол Улсын экспортын хэмжээ 14.02 тэрбум ам.доллар, импорт 4.63 тэрбум ам.долларт тус тус хүрсэн. Манай улсын гадаад худалдааны 68.9 хувийг эзэлсэн.

Хоёр улсын худалдааны бүтцийг авч үзвэл, БНХАУ-аас аж үйлдвэрийн болон уул уурхайн механизм, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, барилгын материал, сав баглаа боодол, тээврийн хэрэгсэл, ган эдлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэргийг голлон импортолж, Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг БНХАУ руу экспортолж байна.

2022 онд хоёр улсын Төрийн тэргүүн нар хоёр талын худалдааг ойрын 5 жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, хоёр тал дээд, өндөр түвшинд айлчлал, уулзалтыг тогтмол явуулж, хоёр улсын удирдагчид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэн гүнзгийрүүлэх талаар олон шинэ чухал тохиролцоонд хүрч, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргаад байна.

1990-2023 онд Монгол Улсад БНХАУ-ын зүгээс нийт 6.13 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. 2024 оны I дүгээр улирлын байдлаар БНХАУ-аас Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 42.0 сая ам.доллар байна. БНХАУ-аас манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 20 хувийг эзэлж байна. Монгол Улсад бүртгэлтэй БНХАУ-ын нийт 7543 гаруй аж ахуйн нэгж байна.

Хоёр улс худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүрээнд дэд бүтэц, ложистик, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байна. Энэ хүрээнд хил дамнасан тээвэр, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч байна.

“Талын зам” хөтөлбөр болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 онд байгуулсан.

“Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд нь бүс нутгийн холболтыг сайжруулж, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой юм.