images

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БНХАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

Элчин сайдын яамны мэдээ

2026-06-12

15

Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-д зохион байгуулагдаж буй “Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын бага хурал”-д оролцохоор айлчлалаа эхлүүлэв.

Ажлын айлчлалын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэн ШУӨЗО-ы Намын хорооны Нарийн бичгийн дарга Чэнь Шяожян болон Ардын засгийн газрын удирдлагууд албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав.

Уг уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөл, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, Алтайн орчмын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцлоо. 

2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай хотноо болсон “Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын бага хурал”-д оролцож, үг хэллээ.

Тус бага хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНКазакстанУ, БНКиргизстанУ, БНТуркменистанУ болон Туваагийн БНУ-ын төлөөлөл, мөн манай улсын Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд тус хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй таван салбар хуралдаануудад оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Айлчлалын хүрээнд ШУӨЗО-ы Өрөмч хотод ажиллаж, Петрочайна компаний харьяа газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь одоогийн байдлаар БНКазУ-аас жилдээ 11 сая тонн түүхий тосыг 2226 км үргэлжлэх хоолойгоор дамжуулан худалдан авч, БНХАУ-ын түүхий газрын тосны дотоодын нийлүүлэлтийн нэг хэсгийг хангаж байгаа талаараа танилцуулав.

12-ны өдөр Шадар сайд Н.Номтойбаяр Бээжин хотноо БНХАУ-ын Зах зээлийн хяналт удирдлагын газрын дарга Луо Вэнь-тэй уулзах үеэрээ 2025 онд байгуулсан хэмжил зүй, тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийн талаар ярилцав. Түүнчлэн, Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Зах зээлийн хяналт удирдлагын газар хооронд “Хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2029)”-нд гарын үсэг зурав.