МОНГОЛ, ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд тэргүүтэй ЭСЯ-ны дипломат ажилтнууд, тэдний гэр бүл Дэлхийн II дайны ялалтын 81 жилийн ойг тохиолдуулан 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулсан Жанчхүү хотын Жанбэй хошуун дахь Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд оролцов.

Тус арга хэмжээнд ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд И.В. Моргулов, Армен, Азербайжан, Беларус, Узбекистан, Киргизстаны Элчин зөвлөх нар, Казахстан, Тажикистан, Туркменистаны Батлан хамгаалахын атташе нар болон бусад дипломат ажилтнууд, тэдний гэр бүл, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын орлогч дарга Пяо Янфань, орон нутгийн удирдлага, ГХЯ-ны Европ, Төв Азийн орнуудын газрын зөвлөх У Лянвэн, тус газрын атташе Фэн Шяо нар оролцлоо.
Цэцэг өргөх ёслолын арга хэмжээний үеэр оролцогчид дайчдын хөшөөт цогцолбор дахь амь үрэгдсэн дайчдын бунхан, музейг үзэж, дурсгалын зураг татуулж, хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээв.
Зүүн хойд Хятадыг Японы түрэмгийллээс чөлөөлөх дайнд амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг 1957 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд дурсгалын гэрэлт хөшөөнд монголын талын 56, зөвлөлтийн талын 69 дайчдын нэрсийг монгол, орос, хятад хэлээр бичиж мөнхжүүлсэн байдаг.