images

ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН БАЙГУУЛАГДСАНЫ 105 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Батлан хамгаалах

2026-03-17

32

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг - Цэргийн баярын хүлээн авалтыг 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.

Хүлээн авалтад ХАЧА-ийн хүндэт зочид, БНХАУ-ын зарим төрийн байгууллагын төлөөлөл, Бээжинд суугаа гадаадын орнуудын Батлан хамгаалахын атташе нар зэрэг нийт 120 орчим зочид оролцов. Хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд үг хэлж, баяр хүргэв.

Хятадын талыг ахалж ХАЧА-ийн Хуурай замын цэргийн Штабын туслах дарга, хошууч генерал Лү Шэнли хүрэлцэн ирж оролцлоо.

Энэ үеэр Элчин сайд Н.Энхболд ХАЧА-ийн ХЗЦ-ийн Штабын туслах дарга, хошууч генерал Лү Шэнли тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж, хүндэтгэлийн зоог барив. Талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж, хамтын ажиллагааны хэлбэр, агуулга улам баяжиж байгааг өндрөөр үнэлэв. Цаашид энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.