images

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ МОНГОЛ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ БОЛОН БНХАУ-ЫН БЭЭЖИН ХОТЫН “ЮНИКЭЙР” НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Элчин сайдын яамны мэдээ

2026-02-02

59

БНХАУ-ын Бээжин хотноо П.Н.Шастины нэрэмжит Монгол Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир Бээжин хотын тэргүүн зэрэглэлийн “Юникэйр” нэгдсэн эмнэлгийн захирал Жан Рү Хуаньтай 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тус эмнэлгийн байранд албан ёсны уулзалт хийв.

Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Энхболд урилгаар оролцож, энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж буй нь Монгол Улс, БНХАУ-ын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг онцлон тэмдэглэв. Талууд ирж буй морин жилдээ хамтын ажиллагаа бодит үр дүн, ололт амжилтаар дүүрэн байж, ялангуяа монгол иргэд хятадын эрүүл мэндийн байгууллагад оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, хүртээмжийг хялбаршуулах, үйлчилгээ хямдруулахад бодит хувь нэмэрээ оруулахыг хүсэв.

Яриа хэлэлцээний дүнгээр хоёр байгууллага хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны хүрээнд талууд удирдлагын түвшний тогтмол уулзалтын механизмыг бүрдүүлэх, зайнаас оношилгоо, зөвлөгөө өгөх тогтолцоог хөгжүүлэх, эмч, сувилагч болон мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, богино хугацааны сургалт, дадлага зохион байгуулах, мөн иргэд Монгол Улсад эмчлэх боломжгүй жагсаалтад хамрагдсан өвчнийг БНХАУ-д ирж эмчлүүлэхэд хятадын талаас дэмжлэг үзүүлэх, улмаар уг жагсаалтад орсон зарим өвчнийг Монголд анагаах чадавх бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиров.