images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРОНД АЙЛЧИЛЖ, ТУС ӨЗО-Ы УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-12-21

288

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Хөххотод 2025 оны 12 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд айлчлав. Айлчлалын хүрээнд Элчин сайд Н.Энхболд шинээр томилогдсон ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Ван Вэйжун-тай уулзав. 

Элчин сайд Н.Энхболд ӨМӨЗО-ы Намын хорооны даргаар томилогдоод удаагүй байхдаа хүлээн авч уулзаж байгаа нь хоёр талын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байгаа бөгөөд “Умард зүгт нээлттэй байх чухал гүүр” бодлого болон ӨМӨЗО-ы 15 дугаар таван жилийн төлөвлөгөө батлагдах гэж буй энэ чухал үед уулзаж байгаараа чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв.

Тэрээр БНХАУ-ын ӨМӨЗО бол Хятадын умард чиглэлийн харилцааных нь хамгийн чухал зангилаа бөгөөд Монгол Улсыг Хятадын хойд бүс нутагтай холбох гол гүүр, хамтын ажиллагааны гол бүс нутгийн нэг болохыг онцлов.

Элчин сайд Н.Энхболд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явцдаа хоёр улс хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын төлөвлөлтөө харилцан уялдуулах тал дээр идэвхтэй хамтран ажиллаж, ӨМӨЗО-ы Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний хүрээнд улсынхаа стратегийн зорилттой уялдуулан хил дамнасан төмөр замын боомтуудын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг тодорхой төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахыг хүсэлт болгов.

Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа ЕКГ, Эрээн хот болон Манжуур хотод тус тус дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг явуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд нягт хамтран ажиллах, тус бүсэд хөрөнгө оруулалт татах арга хэмжээг хамтран зохион байгуулах саналыг илэрхийлэв.

Ногоон хөгжил, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүн нар нэгдсэн ойлголцолд хүрч, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа болохыг дуулгаж, ӨМӨЗО цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, мод тарих, ойжуулах зэрэг ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг далайцтай үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа туршлагаас монголын тал судалж, илүү идэвхтэй хамтран ажиллах боломжтой болохыг мэдэгдэж, 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурлын хүрээнд бодит арга хэмжээний төсөл, хөтөлбөртэй оролцохыг санал болгов. 

Хоёр талын хамтын ажиллагаанд боловсрол, хүмүүнлэгийн солилцоо чухал байр эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд монголын талын хүсэлтийг хүлээн авч ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын түвшинд оюутан суралцуулж эхэлсэнд талархал илэрхийлж, цаашид соёлын солилцоог идэвхжүүлж, Монгол Улсын уран бүтээлчдийн тоглолтыг тус ӨЗО-нд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Ван Вэйжун ӨМӨЗО-ы намын хороо, Ардын засгийн газрыг төлөөлөн Элчин сайд Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг халуун дотноор угтан авч буйгаа илэрхийлж, ӨМӨЗО-ыг Монгол Улстай бүх талын хамтын ажиллагааг урагшлуулахад идэвхтэй хувь нэмэр оруулж ирсэн Монгол Улсын БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, консулын газруудад чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Тэрээр сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал ойлголцол нь хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлсон бөгөөд ӨМӨЗО-ы хувьд Монгол Улстай газарзүйн хувьд хил залгаа оршдог, Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой байр суурь, үүрэгтэй төдийгүй олон салбарт харилцан нөхөх давуу талтай, хамтын ажиллагааны нөөц боломж асар их, хэтийн төлөв өргөн уудам болохыг онцлов.

Мөн тэрээр Хятадын хойд зүгт нээлттэй байх чухал тулгуур гарцыг байгуулах явцдаа Монгол Улстай хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлж, Монголын холбогдох талуудтай хамтран хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал ойлголцлыг бодитоор хэрэгжүүлж, хамтын ажиллагааны механизмыг улам боловсронгуй болгох, төмөр зам, авто зам, эрчим хүчний сүлжээ, боомт зэрэг дэд бүтцийн уялдаа холбоог бэхжүүлэх, нийгэм, хүмүүнлэгийн салбарын харилцаа, солилцоог гүнзгийрүүлэх, эрчим хүч, нөөц баялаг болон экологийн байгаль хамгааллын салбар дахь бодит хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж, илүү өргөн хүрээтэй, илүү гүнзгий, илүү өндөр түвшний харилцан ашигтай, хамтын ялалтыг хэрэгжүүлэн, Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалт илэн далангүй, найрсаг уур амьсгал дунд болж өнгөрсөн бөгөөд цаашид талууд холбогдох хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ойр дотно хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн албан айлчлалын хүрээнд Элчин сайд Н.Энхболд Хөххотын Гаалийн газрын дарга Жан Яньтай уулзав. Уулзалтаар хоёр талын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуй болон хүнсний бүтээгдэхүүний худалдааг саадгүй, хурдан шуурхай хил нэвтрүүлэх, асуудлаар санал солилцов.

Элчин сайд Н.Энхболд Улаанбаатар хотын хэрэгцээнд зориулсан хагас коксжсон нүүрс, мах, махан бүтээгдэхүүн, химийн хорт, тэсэрч дэлбэрэх бодисын тээвэрлэлт саадгүй, шуурхай хил нэвтрэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцов. Хятадын тал дээрх болон бусад асуудлаар хоёр улсын гэрээ, хэлэлцээ, эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгож, монголын талтай харилцан ойлголцож, нягт хамтран, шуурхай ажиллах байр сууриа дахин илэрхийлэв.

 

Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчид өвсний үр үйлдвэрлэл, экологийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол өвс экологийн орчин” (Групп) ХК болон тэжээлийн ургамал тариалах, орчин үеийн болон байгууламжит хөдөө аж ахуйн төслүүд хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх, ногоон байгууламжийн арчилгаа хийх, бүс нутгийн брэнд хөгжүүлэх, өндөр стандартын тариалангийн талбай байгуулах, давсархаг шүлтлэг хөрсийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Түмэд Зүүн Хошууны Алтан Хөдөө Аж Ахуйн Хөгжил, Хөрөнгө Оруулалтын ХХК-ийн үйл ажиллагаатай тус тус танилцав.

Уулзалт, арга хэмжээнд монголын талаас Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил, Эрээн хотод суугаа Консул З.Лхагвадорж, Манжуур хотод суугаа Консул Г.Золзаяа болон ЭСЯ-ны холбогдох дипломатууд дагалдан оролцсон бөгөөд энэ удаагийн айлчлал, уулзалт, арга хэмжээ нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, холбогдох хоёр талын бүтээн байгуулалт, найрсаг солилцоог идэвхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлэх үр дүнтэй айлчлал болов.