images

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ БНХАУ-ЫН ГХЯ-НЫ ДЭД САЙД СҮНЬ ВЭЙДУНТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2022-11-25

252

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдунтай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нарын 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэл ажил, айлчлалын үр дүн болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Хятадын ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдун хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа нь Хятад, Монголын харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм. Хятадын тал энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд монголын талтай хамтран уг айлчлалыг амжилттай хэрэгжүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ хөгжлийг ахиулахад бэлэн байна гэв. Мөн тэрээр айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийхээс гадна олон салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ хэмээв.

Элчин сайд Т.Бадрал Сүнь Вэйдуныг ГХЯ-ны дэд сайдаар саяхан томилогдсонд нь баяр хүргэж, цаашид хоёр талын харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгааг илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Мөн тэрээр БНХАУ-ын ХКН-ын XX Их хурал амжилттай хуралдаж дууссаны дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаа нь Монгол, Хятадын харилцаанд хоёр тал өндөр ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна. Энэхүү айлчлал нь Монгол, Хятад хоёр орны найрамдал, харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлж, олон салбарын бодит хамтын ажиллагааг иж бүрэн ахиулж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэж байна хэмээв.

 

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ