images

МОНГОЛ, ХЯТАДЫН ХҮҮХДҮҮДИЙН “БЯЦХАН ДИПЛОМАТУУДЫГ МОНГОЛЫН СОЁЛТОЙ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Арга хэмжээ

2025-07-26

282

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Монгол, Хятадын хүүхэд багачуудын соёлын солилцооны хүрээнд “Бяцхан дипломатуудыг Монголын соёлтой танилцуулах өдөрлөг” амжилттай зохион байгуулагдав.

Тус арга хэмжээ нь хоёр улсын ирээдүй болсон залуу үеийн төлөөлөгчдийг соёлын гүүрээр холбох, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд БНХАУ-ын Ухань хотоос хүрэлцэн ирсэн хүүхдүүд оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд Монголын уламжлалт ёс заншил, байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний баяр наадам зэргийг өв соёлыг танилцуулсан бөгөөд оролцогч хүүхдүүд Монгол Улсыг өөрсдийн өнцгөөс дүрсэлсэн гар зургийн бүтээлээ Элчин сайдын яаманд дурсгал болгон гардуулав.

Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн соёлын дипломат үйл ажиллагааны нэг хэсэг юм. Монголын соёл, мэдээллийн төвд 2025 оны эхний хагас жилийн байдлаар хоёр орны хүүхэд, залуучуудын соёл, боловсролын солилцооны хүрээнд энэ төрлийн 20 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байна.

Монгол, Хятадын ард иргэдийн найрамдлыг бэхжүүлж, урт хугацааны хамтын ажиллагааны суурийг тавихад хүүхдийн соёлын солилцоо чухал ач холбогдолтой юм.