БНХАУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Манай улсын зарим иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, наймаалах зэрэг гэмт хэрэгт холбогдож саатуулагдах, цаашлаад олон жилийн хорих ял авсан тохиолдол цөөнгүй байна. БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 347 дугаар зүйлд зааснаар хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн, үйлдвэрлэл явуулсан тохиолдолд тоо хэмжээ харгалзахгүй эрүүгийн хариуцлага оногдуулдаг.
Мансууруулах бодис худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэл явуулсан тохиолдолд оногдуулах ялын хэмжээ 200 гр-аас бага хар тамхи, 10 гр-аас бага героин, метамфетамин болон бусад бага хэмжээний мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэл явуулсан тохиолдолд 3 жилээс илүүгүй хугацаагаар хорих, эрүүгийн хэрэг үүсгэн баривчлах, олон нийтийн хяналтад байлгах, торгох, нөхцөл байдал хүнд тохиолдолд 3-7 жилийн хугацаагаар хорьж, торгох ялаар шийтгэнэ.
200 гр-аас дээш, харин 1000 гр-аас бага хар тамхи, 10 гр-аас дээш боловч 50 гр-аас бага героин, метамфетамин, эсхүл их хэмжээний бусад төрлийн хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэл явуулсан тохиолдолд 7 жилээс доошгүй хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
1 кг-аас дээш хар тамхи, 50 гр-аас дээш героин, метамфетамин, их хэмжээний бусад төрлийн мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлсэн, худалдсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэл явуулсан тохиолдолд 15 жилийн хугацаагаар болон бүх насаар нь хорих, цаазаар авах ялаар шийтгэж, эд хөрөнгийг нь хураана. Насанд хүрээгүй хүүхдийг хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэх, худалдах, тээвэрлэх, үйлдвэрлэхэд ашигласан, өдөөн хатгасан, насанд хүрээгүй хүүхдэд хар тамхи худалдсан этгээдэд илүү хүнд шийтгэл ногдуулдаг байна.
Баривчлах болон 3-аас доош жил хорих ялаар шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хөнгөн, гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлгүй, тэнсэн харгалзах тухай зарласан нь амьдарч буй нийгэмд төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх мэт нөхцөлийг хангасан тохиолдолд тэнсэн харгалзах ялаар шийтгэдэг.
Иймд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихдоо тус улсын холбогдох хууль журмыг дагаж мөрдөх, хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ачаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах, авсан тохиолдолд сайтар шалгахыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна.