БНХАУ-Д СУУГАА ДТГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нарын уулзалт 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Бээжин хотноо болов. Энэ удаагийн уулзалтад ГХЯ-ны ХөОГ-ын дэд захирал Б.Батмагнай, КГ-ын дэд захирал Т.Бат-Орших болон ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил, Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд, ЗЗОБ Хонконг-д суугаа Ерөнхий консул Д.Одбаяр, Эрээн хотод суугаа Консул З.Лхагвадорж, Манжуур хотод суугаа Консул Г.Золзаяа нар оролцов.
Уулзалтын үеэр БНХАУ-д зорчих Монгол иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын хамгаалал, үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, иргэдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, суугаа орны хууль тогтоомж, нийгмийн онцлогийг таниулах, тэдэнд анхааруулга, зөвлөмжийг тогтмол түгээх ажлыг эрчимжүүлэх, хоёр улсын хууль сахиулах байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцов.
Консулын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг цагийн нөхцөл байдалд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагуудын талаар ярилцаж, тодорхой шийдвэрийн үндэслэл, саналаа холбогдох байгууллагад хүргүүлэхээр болов.
Энэ удаагийн уулзалтад БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал У Дөминь тэргүүтэй төлөөлөгчид оролцож, хоёр талын консулын харилцаа, иргэдийн солилцоо, иргэд, аж ахуй эрхлэгчид харилцан зорчих нөхцөл болон Монгол, Хятадын консулын хамгаалалтыг гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцсоноос гадна хятадын талд тавьж шийдвэрлүүлэх ДТГ-уудад тулгарч буй болон суугаа оронд гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа иргэдийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.