БНХАУ-ЫН ХАЙНАНЬ МУЖИД АЯЛАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
2025 оны 6 дугаар сарын 11-ний өглөө 08.00 цагт “Эрвээхэй” нэртэй хар салхи Өмнөд Хятадын тэнгисийн төв, баруун хэсгийн далайд болсон. Өнөөдөр өглөө буюу 13-ны 08.00 цагийн байдлаар Хайнань мужийн Лөдун хошууны өмнөд хэсгийн ойролцоох далайн усанд умард өргөргийн 18.4 градус, зүүн уртрагийн 108.7 градуст далайн шуурга болж, салхины хурд 10 дугаар зэрэг буюу секундэд 28 метрт хүрчээ. Далайн шуурга болсонтой холбогдуулан Саньяа хотын бага, дунд сургууль болон олон нийтийн үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Иймд Хайнань муж ялангуяа Саньяа хотод аялаж амрахаар зорчиж байгаа Монгол Улсын иргэд өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ болон Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас гаргаж байгаа сэрэмжлүүлгийг анхааралтай дагаж мөрдөхийг зөвлөж байна.