images

МОНГОЛ УЛС ЗҮҮН АЗИ, ЛАТИН АМЕРИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ГИШҮҮН ОРНУУДАД ЗОРИУЛАН МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2025-04-04

106

          Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ыг хамтран даргалахаар сонгогдсонтой холбогдуулан Бээжин хотноо суугаа чуулга уулзалтын гишүүн орнуудын Элчин сайд болон ахлах дипломат албан тушаалтнуудад зориулан 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр мэдээлэл өгөх арга хэмжээг Уругвайн ЭСЯ-тай хамтран зохион байгуулав. Арга хэмжээг нээж Элчин сайд Н.Энхболд, Элчин сайд Фернандо Лугрис нар үг хэлэв. Тус арга хэмжээнд ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Г.Баттулга оролцож, Монгол Улс ФЕАЛАК-ын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй үйл ажиллагаа, арга хэмжээ болон Латин Америкийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 

          ФЕАЛАК нь Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, улс төр, эдийн засгийн яриа хэлцээг хөгжүүлэх зорилгоор 1999 онд байгуулагдсан албан ёсны яриа хэлэлцээний механизм юм. Энэхүү олон талт чуулга уулзалтад хоёр тивийн нийт 36 улс гишүүн байдаг бөгөөд гишүүн 36 улсын хувьд дэлхийн нийт хүн амын 39,7%, дотоодын нийт бүтээгдэхүүний 35%, гадаад худалдааны эргэлтийн 33%-ийг тус тус эзэлдэг. Манай улс 2010 онд элсэн орсон бөгөөд түүнээс хойш энэ байгууллагын үйл ажиллагаанд тогтмол оролцож байна. 

          ФЕАЛАК-ийг бүс нутгаа төлөөлөн сонгогдсон 2 гишүүн улс 2 жилээр тус бүр хамтран даргалдаг бөгөөд Монгол Улс, Доминикан Улсын хамтаар тус чуулга уулзалтыг 2025-2027 онд даргалж ажиллана.