УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН БХАТИХ-ЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ЖАО ЛӨЖИТЭЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буйг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, уул усаар холбогдсон сайн хөрш-Монгол Улстай сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй, гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байна гэв. Тэрбээр хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, стратеги хөгжлийн зорилтоо харилцан уялдуулж, худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж буйг тэмдэглээд, цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын даргын хувиар гадаад айлчлалаа мөнхийн хөрш БНХАУ-аас эхэлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав. Тэрбээр, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр талын парламент уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр хоёр улсын хөгжлийн стратегийн уялдааг гүнзгийрүүлж, тэр дундаа дэд бүтэц, боомтын хөгжил, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, дэвшилтэт технологи, байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэх саналаа илэрхийлэв. Монгол, Хятадын хөгжлийн бодлогыг харилцан уялдуулах хүрээнд ирэх онд батлагдах БНХАУ-ын 15 дугаар таван жилийн төлөвлөгөөнд талуудын хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийг тусгах талаар харилцан санал солилцлоо.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жао Лөжи хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэх, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ дижитал эдийн засаг, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлэхийг зорьж буй талаар онцлов.
Хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, парламент дахь найрамдлын бүлгүүд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцохыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.