МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНД ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ДАРГА ЛЮ ЖЯНЬЧАО БАРААЛХАВ
Энэ өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хятадын коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Жяньчао бараалхлаа.
Уулзалтаар Монгол Улсын Их Хурал анхдугаар чуулганаараа ирэх 4 жилд хүний эрхийг хамгаалах, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж буйгаа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлов. Тэрээр хоёр улсын харилцан ашигтай, найрсаг харилцааг бодит агуулгаар баяжуулахад улс төрийн нам хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэгдэв.
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Жяньчао улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь бусад салбарын харилцааг өргөжүүлэх үндэс суурь болдгийг тэмдэглэж, цаашид Монголын улс төрийн намуудтай найрсаг харилцааг нэмэгдүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Талууд уулзалтаар ирэх онд батлах БНХАУ-ын Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд хоёр улсын хөгжлийг дэмжих томоохон төсөл, зорилтуудыг тусгах талаар санал солилцов.