МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ХЯТАДЫН АРДЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА ВАН ХУНИНТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунинтай Ардын их хурлын ордонд уулзлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын шинээр бүрдсэн парламентын онцлог, үзэл санаа, зорилтын талаар танилцуулж, хууль, эрх зүйн орчинд орчин үеийн шинэчлэлийг хийх хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж байгааг мэдээлэв.
ХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны дарга Ван Хунин Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа хятадын тал чухалчлан үздэгээ онцолж, хоёр улсын дээд, өндөр түвшинд тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгож, хоёр улсын ард түмэнд үр өгөөжийг хүртээхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Талууд уулзалтын үеэр бүсчилсэн хөгжлийн хүрээнд Булган-Такашикен боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ауй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, өргөн хүрээнд нэгдсэн ойлголцолд хүрлээ.
ХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны дарга Ван Хунин нь ХКН-ын гол идеологич хэмээн нэрлэгддэг онцгой улс төрч бөгөөд БНХАУ-ын “Гурван төлөөлөл”-ийн үзэл санаа, “Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал”, “Хятадын мөрөөдөл”, “Хамтын хөгжил цэцэглэл” зэрэг томоохон бодлогын баримт бичгийг боловсруулахад голлон оролцож байсан.