ХҮҮХЭД БАГАЧУУДЫН СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Хятадын Боловсролын яамны Хүмүүнлэгийн солилцооны төв хамтран хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хүүхдийн соёлын арга хэмжээг ЭСЯ-ны Соёл мэдээллийн төвд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Монгол, Хятад урлагийн тоглолт, эссэ бичлэг, уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан ба Бээжин, Улаанбаатар, Булган, Төв, Хөвсгөл аймгийн багш сурагчийн төлөөлөл нийт 100 гаруй хүүхэд, мөн зарим эцэг эхчүүд оролцов.
Арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нээж хэлсэн үгэндээ, өнөөдрийн найрамдлыг маргааш тээн үргэлжлүүлэх хүүхэд залуус соёлын арга хэмжээгээр дамжуулан бие биенээ илүү таньж мэдэн, түүх, соёлоосоо суралцан, уран бүтээл туурвиснаараа найрамдлын бат бөх гүүрийг босгож байдгийг онцлов.