images

ДЭЛХИЙН ОЙН АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-11-25

58

2024 оны 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанши мужийн Наннин хотноо “Ойн ногоон аж үйлдвэр, хамтын ажиллагаа – Ойн аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжлийг инновацаар удирдах нь” сэдвийн хүрээнд “Дэлхийн ойн аж үйлдвэрлэлийн бага хурал” зохион байгуулагдлаа. Тус бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Г.Бумцэнд болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Хурлыг БНХАУ-ын Гуанши мужийн захиргаанаас зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд Намын хорооны нарийн бичгийн дарга Лю Нин, Үндэсний ой, бэлчээрийн газрын дарга Гуан Жи-оу болон дэлхийн 20 гаруй улсын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Мөн БНХАУ-ын болон гадаадын аж ахуйн нэгж, судалгааны хүрээлэнгийн төлөөлөл зэрэг 1200 гаруй төлөөлөгч оролцлоо.

Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан бага хуралд үг хэлж, Монгол Улсын ой модны салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийг танилцуулсаны зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэв. 

Арга хэмжээний үеэр дэлхийн ойн аж үйлдвэрлэлийн салбарт гарч буй шинэ санаачилга, технологийн дэвшлийг танилцуулсан үзэсгэлэн гарч, салбарын хөгжлийн чиг хандлагыг оролцогчид хэлэлцэв. Мөн 35 томоохон төслийг хэрэгжүүлэхээр нийт 200 тэрбум юанийн гэрээ байгуулжээ. Энэхүү бага хурал нь дэлхийн ойн аж үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ чиглэлийг тодорхойлох, улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцлов.