images

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД “БҮС БА ЗАМ” - ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ОНЦГОЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ МЕХАНИЗМ /BRIDRREM/-ЫН ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ.

Элчин сайдын яамны мэдээ

2024-11-13

123

Элчин сайд Н.Энхболд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын Онцгой байдлын яамнаас “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулсан гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх механизм /BRIDRREM/-ын зохицуулагч нарын хуралдаанд оролцон, үг хэлэв.

Тэрбээр, энэхүү механизмын ажиллагаа нь дэлхийн улс орнуудад тулгарч буй гамшиг, ослын эрсдэлийг бууруулах, туршлага солилцох, харилцан ойлголцлыг бэхжүүлэх ач холбогдолтойг онцлов. Мөн алба хаагчдыг мэргэшүүлэх, туршлага солилцох сургалтыг тогтмол зохион байгуулах, Улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналыг илэрхийлэв. Хуралдааны үеэр Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны Дэд сайд Шюй Жя-ай-тай уулзан, Монгол, Хятадын хил орчмын нутаг дэвсгэрийн ой, хээрийн гал түймрээс сэргийлэх, тэмцэх болон талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.

Тус хуралд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Гадаад хэргийн яам, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газар, Худалдааны яам, Сангийн яам, Хөгжил шинэчлэлтийн хорооны удирдлага болон тус улсад суугаа Монгол, Соломоны арлууд, Сенегал, Коста-Рика, Мадагаскар улсын Элчин сайд нар, Камбож, Никарагуа, Афганистан, Аргентин, Азербайжан, Беларусь, Чили, Доминакан, Этиоп, Иран, Киргизстан, Лаос, Мозамбек, Мьянмар, Пакистан, Серби, Уругвай зэрэг 27 улсын Онцгой байдал, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Гамшгаас хамгаалах салбарын Сайд нарын 2021 оны хурлаар эл механизмыг байгуулах санаачилгыг Монгол Улс дэмжсэн анхны орон болж, түүний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож  байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 08-15-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Бүс ба зам” - Онцгой байдлын удирдлагын залуучуудын санал солилцох арга хэмжээнд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Үнэнбаатар тэргүүтэй төлөөлөгчид мөн оролцож байна.