images

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ “ШАНХАЙН ЭКСПО”-ГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Элчин сайдын яамны мэдээ

2024-11-05

89

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв.

“Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн арга хэмжээний нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд оролцож байна.

Энэ удаагийн арга хэмжээнд Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллээ хуваалцаж, ирэх жил болох “Mining week-MinePro 2025” арга хэмжээний сурталчилгааг олон улсад танилцуулахаар “Эрдэнэс Монгол нэгдэл”, “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Ньюком групп”, “Макс групп”, “Капитал Маркет Монгол” зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож байна.

2018 оноос хойш жил бүр 11 дүгээр сард зохион байгуулагддаг энэхүү экспо нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл болон мэдээлэл технологи, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг.

Зургаан удаагийн экспо зохион байгуулахад 173 улс, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, нийт 420 тэрбум ам.долларын бодит худалдан авалт, борлуулалтын гүйлгээ хийж, 2500 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, дэвшилтэт шинэ технологийг танилцуулжээ.