images

ГХЯ-НЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ТӨВ АРХИВЫН ТӨЛӨӨЛӨӨГЧИД БЭЭЖИН ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА

Элчин сайдын яамны мэдээ

2024-10-23

281

ГХЯ-ны Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтын газрын дэд захирал Б.Нямдавагаар ахлуулсан ГХЯ-ны Гадаад харилцааны төв архивын төлөөлөгчдийг БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Лю Бинь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын архивын байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж буйг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь хоёр талын найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг цохон тэмдэглэв.

Энэ өдөр мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хоёр улсын ГХЯ хоорондын архивын байгууллагын зөвлөлдөх уулзалт болов. Зөвлөлдөх уулзалтыг хятадын талаас ГХЯ-ны Архивын газрын дарга Ли Шинь ахалж, хоёр талын хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид БНХАУ-ын Үндэсний төв архивын газрын Түүхийн 1 дүгээр танхим, Үндэсний сонгодог ном, судрын музейтэй танилцаж, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй үйл ажиллагаа болон хадгалалт, хамгаалалтын нөхцөлтэй танилцах юм.