images

ЭЛЧИН САЙД Н.ЭНХБОЛД ИСЛАМЫН БҮГД НАЙРАМДАХ ПАКИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ЗАХИРАЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙНХЭЭ ХУУЛБАРЫГ ГАРДУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-10-21

118

Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Энхболд Исламабад хотноо 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Типу Усманд Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав. Энэ үеэр айлын талаас Элчин сайд Б.Энхболдод ажлын өндөр амжилт хүсэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж итгэж буйгаа илэрхийлсэн юм.  

Түүнчлэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулсантай холбогдуулан Элчин сайд Н.Энхболдыг Гадаад хэргийн яамны Орлогч төрийн нарийн бичгийн дарга Имран Ахмед Сиддики хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд тохиролцсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр улсын ГХЯ-д хоорондын Улс төрийн зөвлөлдөх II уулзалтыг 2025 оны эхний хагаст зохион байгуулахаар болов.

Пакистан нь 240 гаруй сая хүн амтай, Өмнөд Азийн бүс нутагтаа нөлөө бүхий орон бөгөөд нэхмэл эдлэл, хөвөн, цагаан будааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Монгол Улс нь Пакистан Улстай 1962 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ тус улсад хавсран суудаг болно.