images

ХОЁР УЛСЫН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ.

Элчин сайдын яамны мэдээ

2024-09-27

424

Монгол Улсын Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, БНХАУ-ын Улсын боомтын захиргааны орлогч дарга Дан Шяохун нар 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Бээжин хотноо уулзав.

Талууд хоёр улсын Хилийн боомтын захиргааны асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжин, ажлын уулзалт тогтмолжиж байгааг өндрөөр үнэлэв. Мөн 2023 онд “Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулж, Хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын 5 дугаар хуралдаан болон Хилийн боомтын захиргаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боомтын захиргааны алба хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хурлын протоколын хэрэгжилт сайн явагдаж  буйг санал нэгтэй тэмдэглэв. 

 

Түүнчлэн, улсын хил дамнасан төмөр зам, авто зам, олон төрөлт тээврийн хэрэгслийг хилийн боомтоор нэвтрүүлэх тусгай гарц байгуулах, Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн гарцыг 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулах, бусад боомтуудын харилцан холбогдсон дэд бүтцийн хамтын ажиллагааг харилцан уялдаатай эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.

БНХАУ-ын Улсын боомтын захиргаанаас өгсөн боомтын холбогдох мэдээг тоймлоход, 2024 оны эхний 9 сарын байдлаар Замын-Үүд- Эрээн авто замын боомтоор нэвтрүүлсэн ачааны машин 182 мянга болж, өнгөрсөн оны мөн үеэс 43.5 хувиар нэмэгдсэн. Тухайлбал, боомтын ачаа тээврийн гарцыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлсэн буюу 4 дүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хилээр нэвтрүүлсэн ачааны машин 157 мянга, экспортын машин 6200 болж, өнгөрсөн оны мөн үеэс 62.2 болон 15.7 хувиар тус тус нэмэгдсэн аж.