images

МОНГОЛ, ХЯТАДЫН УЛСЫН ХИЛИЙГ ГУРАВ ДАХЬ УДАА ХАМТРАН ШАЛГАХ АЖЛЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ АНХДУГААР УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-09-27

76

Монгол, Хятадын улсын хилийг гурав дахь удаа хамтран шалгах ажлын бэлтгэлийг хангах анхдугаар уулзалтыг 2024 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулав. Уулзалтад монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Т.Баяржаргал, хятадын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын Хуурай газрын хилийг хамтран шалгах хэлтсийн дарга Ди Вэйчөн нар тэргүүлэн оролцов.

 

Талууд уулзалтаар Монгол, Хятадын улсын хилийн өнөөгийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй хэлэлцэж, хоёр улсын хилийг гурав дахь удаа хамтран шалгах ажлыг эхлүүлэхээр санал нэгдэн, “Уулзалтын протокол” байгуулав. Энэхүү хамтарсан шалгалт нь хоёр улсын хилийн шугамын явалтын тодорхой байдлыг хангах, талуудын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулахад чухал ач холбогдолтой юм.

Монгол Улс, БНХАУ-тай 1962 онд “БНМАУ ба БНХАУ-ын Хилийн гэрээ” байгуулж, өмнөд хилээ албан ёсоор баталгаажуулсан бөгөөд 1962-1964 онд улсын хилийг газар дээр тогтоон тэмдэглэж, энэхүү “Хилийн гэрээ”-г 1975 онд НҮБ-д бүртгүүлсэн түүхтэй. Монгол Улсын үндэсний эрх ашиг, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдлыг хамгаалах, олон улсын харилцааны болон эрх зүйн нийтлэг хэм хэмжээг удирдлага болгон Монгол, Хятадын хилийг 1982-1984 онд анх удаа хамтран шалгаж, 2002-2004 онд хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг зохион байгуулсан юм.