images

ХОЁР УЛСЫН ГХЯ-Д УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТ, БООМТЫН АСУУДЛААР УУЛЗАЛТ ХИЙВ.

Элчин сайдын яамны мэдээ

2024-09-25

63

 

ГХЯ-ны Гэpээ, эрх зүйн газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Соёлмаа БНХАУ-ын ГХЯ-ны Хил, далайн хэргийн газрын дэд захирал Жао Лижянь нар 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Бээжин хотноо уулзав.

Талууд энэ өдрүүдэд Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын тавдугаар хуралдаан, Монгол, Хятадын улсын хилийн гурав дахь удаагийн хамтарсан шалгалтын бэлтгэл хангах мэргэжилтний түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулж, хилийн асуудлаарх уламжлалт хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж буйг өндрөөр үнэлэв. Монгол, Хятадын улсын хилийн шугамын явалт тодорхой, хилийн дэглэмийг хүндэтгэн сахиулах хамтын ажиллагаа үр дүнтэй байж, хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж буйтай санал нэгдэв.

Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхний ээлжинд эхлүүлэх, бусад боомтуудын харилцан холбогдсон дэд бүтцийн хамтын ажиллагааг харилцан уялдаатай эрчимжүүлэхээр тохиролцов. Цаашид талууд эл механизмын ажиллагааны агуулгыг улам боловсронгуй болгох, хил дамнасан ой, хээрийн түймрээс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.