images

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ДЭГЛЭМИЙН ХАМТАРСАН КОМИССЫН ТАВДУГААР ХУРАЛДААНЫГ БЭЭЖИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-09-25

55

“Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний хэрэгжилтийг хангах Монгол, Хятадын Хилийн дэглэмийн хамтарсан комиссын тавдугаар хуралдааныг 2024 оны 9 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулав. Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Соёлмаа, хятадын талын төлөөлөгчдийг Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын Элчин зөвлөх Сун Хунлян нар тэргүүлэн оролцов.

 

Талууд Монгол, Хятадын хилийн дэглэмийн гэрээний хэрэгжилтийн байдлыг дүгнэн хэлэлцэж, эл механизмын хуралдааныг жил бүр зохион байгуулахаар санал нэгдэв. Хуралдаанаар хоёр улсын хил хамгаалах, хууль сахиулах салбарын хилийн дэглэмийг хүндэтгэн сахиулах хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, хилийн багана тэмдгийн арчлан хамгаалах, хилийн боомт, талуудын харилцан холбогдсон дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын нутаг дэвсгэрийн цөлжилттэй тэмцэх, хил дамнасан ой, хээрийн гал түймрээс сэргийлэх, хамтран тэмцэх болон талуудын анхаарал хандуулж буй бусад асуудлаар ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлж, “Хуралдааны протокол” байгуулав.

 

Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх болон бусад боомтуудын хил дамнасан байгууламжийн төлөвлөлтийг уялдуулан холбох ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.