images

ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУДАЛДААНЫ 2024 ОНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ БЭЭЖИН ХОТНОО БОЛЖ БАЙНА

Элчин сайдын яамны мэдээ

2024-09-17

67

Хятадын Олон Улсын Үйлчилгээний Худалдааны 2024 оны үзэсгэлэн яармаг "Дэлхийн үйлчилгээ, харилцан ашигтай" сэдвийн дор Бээжин хотноо 2024 оны 9 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ жил Франц улс тус арга хэмжээгийн гол зочин орон болж, Сычуань, Хайнан мужууд анх удаа гол зочин мужаар оролцож байна.

Тус үзэсгэлэн яармаг нь дэлхийн үйлчилгээний салбарын тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, шинэ технологи болон инновацуудыг дэлгэрэнгүйгээр харуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой болно.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жинпин цахимаар мэндчилгээ дэвшүүлж, Хятадын талаас ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, намын бүлгийн дэд нарийн бичгийн дарга Дин Сюэсян нээж үг хэлсэн бөгөөд тус арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Г.Бумцэнд, Зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Ц.Түмэнбаяр нар оролцов.

Энэ удаагийн үзэсгэлэн яармагт Монгол Улс амжилттай оролцож, өөрийн улсын павьлион гарган ажиллаж, монголын ноолууран бүтээгдэхүүн, хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

 

БНХАУ-ын Худалдааны яам болон Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж буй энэ яармаг нь олон улсын хэмжээнд үйлчилгээний худалдаа, хамтын ажиллагаа, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах Хятадын эдийн засгийн томоохон платформ юм. Энэ жилийн яармаг нь олон улсын мэргэжлийн хамтын ажиллагаа, худалдааны үйлчилгээний чиглэлд үндсэн агуулгаа хандуулж, олон улсын болон дотоодын бизнес эрхлэгчдийг оролцуулан шинэлэг технологи, үйлчилгээний шийдлүүдийг танилцуулж байна.

2012 оноос хойш 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн яармагт 197 улс орон болон бүс нутгийн 900,000 гаруй хүн оролцоод байна. Үзэсгэлэн яармаг нь дэлхийн үйлчилгээний салбар болон үйлчилгээний худалдааны хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн.

Дашрамд дурдахад, энэхүү үзэсгэлэн яармагийн өмнө БНХАУ-ын Засгийн газраас "Үйлчилгээний худалдааг өргөн хүрээнд нээж, өндөр чанартай хөгжлийг дэмжих тухай бодлогын санал"-ыг гаргасан. Энэ нь ХКН-ын XX Их хурлын хэрэгжилтийг хангах чиглэлээр 20 зорилт, арга хэмжээ, 70 гаруй тодорхой бодлогын арга хэмжээг тусгасан, үйлчилгээний худалдааг өргөн хүрээнд нээж, өндөр чанартай хөгжлийг бүрэн, системтэйгээр хөгжүүлэх тухай бодлогын баримт бичиг болсон.