images

МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН ЦЭРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД  “ЦАГААН ХЭРЭМ 2024” ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-08-29

110

БНХАУ-ын Ардын зэвсэгт цагдаагийн хүчнээс 2024 оны 8 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Цагаан хэрэм 2024” Терроризмтой тэмцэх сэдэвт олон улсын бага хуралд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.


Энэхүү бага хуралд 50 гаруй улсын зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын 170 гаруй төлөөлөгчид чуулж, дэлхийн аюулгүй байдлын нөхцөл байдал, терроризмтэй тэмцэх ажиллагааны арга хэрэгсэл, тусгай зориулалтын техник хэрэгсэл, хамтарсан дадлага сургууль, алба хаагчдын сурган мэргэшүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага суралцав.
Монгол Улсын Дотоодын цэргийн төлөөлөгчид тус арга хэмжээнд анх удаа оролцсон бөгөөд алба, үйл ажиллагаагаа танилцуулан, терроризмын аюул заналтай тэмцэх бүх нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулж, шинэ сорилт, болзошгүй аюулыг даван туулах арга замыг эрэлхийлэхэд бусад орны ижил чиг үүргийн байгууллагуудтай хамтран ажиллахаа бригадын генерал Р.Чингис илэрхийлэв.


Бээжин дэх ЭСЯ-ны дэмжлэгээр Дотоодын цэргийн байгууллага нь 2024 онд ХАЧА-ийн Зэвсэгт цагдаагийн хүчин, НАХЯ-ны Терроризмтэй тэмцэх газартай ажлын харилцаа тогтоосон бөгөөд бага хурлын үеэр бригадын генерал Р.Чингис, БНХАУ-ын Ардын зэвсэгт цагдаагийн хүчний командлагч, хурандаа генерал Ван Чүньнин нар уулзалт хийн, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой асуудлаар санал солилцсон болно.