images

MySteel.com "Хятад улсын нүүрс, коксжих нүүрс болон гангийн салбарын их хурал"-аа 13 дахь жилдээ зохион байгуулагдав

Элчин сайдын яамны мэдээ

2024-08-27

83

 БНХАУ-ын Шандун мужийн Чиндао хотноо 2024 оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд  "Хятад улсын нүүрс, коксжих нүүрс болон гангийн 13 дахь удаагийн их хурал" зохион байгуулагдав.

Энэхүү хурлыг MySteel.com, Хятад улсын Нүүрсний үйлдвэрлэлийн ассосиаци, Хятад улсын Ган төмөрлөгийн ассосиаци, Хятадын Нүүрсниий тээвэр, ханган нийлүүлэлтийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж ирсэн ба нүүрс болон кокс, ган төмрийн үйлдвэрлэлийн нөхцөл байдал, чиг хандлага, ханган нийлүүлэлтийн бодлого зэргийг хэлэлцэж, салбарын шилдэг байгууллагуудаа шалгаруулдгаараа онцлогтой юм.

            Тус хуралд нийт 400 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 1200 гаруй хүн ирсэн байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын үндэсний хөрөнгийн биржийн төлөөлөл болон монголын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо.

Мөн энэ удаагийн хурлын хүрээнд 5 салбар хуралдааныг зохион байгуулсан. Түүний нэг салбар хуралдааныг "Монгол Улсын уул уурхайн хөрөнгө оруулалт" сэдвээр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газар, хурал зохион байгуулагч MySteel.com групп болон Хятад улсын Азийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэгийн Азийн уул уурхайн мэргэжлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулав. Энэхүү хуралдаанд хятадын уул уурхайн салбарын нүүрс болон коксжих нүүрс худалдан авагч 50 гаруй аж ахуйн байгууллагын 100 орчим хүн оролцлоо.

Хурлын хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ болон Монголын үндэсний хөрөнгийн биржийн төлөөлөл хятадын талын холбогдох хүмүүстэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож ярилцав.