images

ХҮҮХДИЙН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-06-04

201

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх цуврал арга хэмжээний хүрээнд “Монгол, Хятадын хүүхдийн гар урлал, уран зургийн үзэсгэлэн”-г Бээжин хотноо 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үзэсгэлэнд “Өнөр бүл” хүүхдийн төвийн гар урлал болон зургийн дугуйлангийн олон уралдаан тэмцээнд оролцож байсан хүүхдүүдийн төлөөлөл болсон 5 сурагч Монголоос ирж, өөрсдийн гар урлал, уран зураг, хайчилбар зэрэг бүтээлээрээ оролцож, мөн хятадын Виеста олон улсын урлагийн галерейн хүүхэд багачууд “Монгол, Хятадын найрсаг харилцаа” сэдвийн хүрээнд бүтээсэн уран зургаа дэлгэн гаргав.

Үзэсгэлэнг хамтран зохион байгуулсан Хятадын Үйлчилгээний худалдааны холбооны зүгээс “Өнөр бүл” хүүхдийн төвд болон Говь-Алтай аймгийн Алтай сумын “Ажийн аялгуу” хүүхдийн хөгжмийн хамтлагт ятга хөгжим бэлэглэж, хоёр улсын хүүхэд багачуудын найрамдал нөхөрлөл үеэс үед үүрд мөнхөд оршихыг хүсэн ерөөв.