МОНГОЛЫН СОНГОДОГ ХӨГЖМИЙН ТОГЛОЛТЫГ БОЛЛОО
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Монгол Улсыг сурталчлах, Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх цуврал арга хэмжээний хүрээнд “Сонгодог хөгжмийн үдэш” тоглолтыг Бээжин хотноо 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгууллаа.
Тус ЭСЯ-ны санаачилгаар зохион байгуулсан энэхүү сонгодог хөгжмийн тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Монгол Улсын Консерваторийн багш Г.Оюун-Эрдэнэ, Б.Номингуа, Д.Амармэнд, Д.Галбадрах нарын мэргэжлийн хөгжимчид ирж оролцон Ф.Шопен, В.А.Моцарт, Ш.Гуно, А.Пьяццолла болон Монголын нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Б.Шарав, З.Хангал, Ж.Чулуун зэрэг нэрт хөгжмийн зохиолчдын зохиолоос тоглож сонирхуулав.
Энэ удаагийн тоглолт нь ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгуулагдсан анхны сонгодог хөгжмийн тоглолт болсноороо онцлог байсан бөгөөд монгол, хятад иргэдийн төлөөллөөс гадна 40 гаруй улсын Элчин сайд, дипломат ажилтнууд ирж үзэж сонирхсон юм.