Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг Пакистаны бизнесийн төлөөлөлтэй цуврал уулзалт хийв.
Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг Пакистан улсын Карачи хотод томилолтоор ажиллах үеэрээ 4 дүгээр сарын 30-ны өдөр хоёр талын худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх чиглэлээр албан уулзалтууд хийлээ.
Энэ хүрээнд Пакистаны Худалдаа, хөгжлийн газрын дарга Мухамад Зубайрь Мотивала, Коранги худалдаа, аж үйлдвэрийн холбооны Ерөнхийлөгч Аль Кандхари, Карачи хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд ерөнхийлөгч Аслам Пахали, Пакистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Сакүб Фаяз Магун нар болон тус улсын бизнесийн төлөөлөлтэй тус тус уулзалт хийж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломж болон тээвэр логистиктой холбоотой тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Карачи хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь нийт 28000 гаруй идэвхтэй гишүүн аж ахуйн нэгжтэй бөгөөд эдгээр аж ахуйн нэгж нь дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь, экспортын 55 хувь, улсын төсвийн 65 хувийг бүрдүүлдэг тус улсын хамгийн том худалдааны танхим юм.
Пакистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуулын холбоо нь 274 салбар чиглэлийн холбоодыг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулдаг бол Коранги аж үйлдвэрийн холбоонд 5000 гаруй үйлдвэр, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг аж.