images

ЭЛЧИН ЗӨВЛӨХ Л.МӨНХТҮШИГ “АЗИЙН ТӨЛӨӨХ БОАОГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ЫН 2024 ОНЫ ЖИЛИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-28

257

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг 2024 оны 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Хайнань мужийн Боаод зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2024 оны жилийн уулзалтад ЭСЯ-аа төлөөлөн оролцож байна. Энэ удаагийн уулзалт “Ази ба Дэлхий: Нийтлэг сорилт, хамтын хариуцлага” сэдвийн дор Дэлхийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн инновац, нийгмийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа гэсэн үндсэн 4 чиглэлээр 16 хэлэлцүүлэг, салбар хуралтай болж байна.


Тус чуулга уулзалтын нээлтийн ажиллагаа 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болж, Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун үг хэллээ. Уг арга хэмжээнд БНХАУ-ыг төлөөлөн БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи оролцон үндсэн илтгэл тавьсан бөгөөд Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев, Науру улсын Ерөнхийлөгч Д.Адеан, Шри Ланка улсын Ерөнхий сайд Д.Гунавардена, Доминика улсын Ерөнхий сайд Р.Скеррит зэрэг гадаад улсын төр, засгийн тэргүүнүүд болон Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал Д.Танг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга М.Корманн зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд оролцож үг хэлэв.

Энэ удаагийн Боаогийн чуулга уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөн оролцож байгаа бөгөөд чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй салбар хэлэлцүүлгүүдэд панелистаар орохын зэрэгцээ зарим улсын төв банкны удирдлагуудтай хоёр талын уулзалт хийж байна.  

Монгол Улс нь 2001 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ыг үүсгэн байгуулагч орнуудын нэг бөгөөд энэхүү чуулга уулзалт нь төр, засгийн удирдлага, бизнес эрхлэгчид болон эрдэмтэн судлаачдын хүрээнд Ази тивийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар санал солилцдог бүс нутгийн яриа хэлэлцээний чухал индэр юм.