images

2023 ОНЫ ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН ОЮУТНУУДАД ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-19

324

      Энэ өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал 2023 оны шилдэг оюутнаар шалгарсан оюутнуудыг ЭСЯ-нд хүлээн авч, Элчин сайдын нэрэмжит шагналыг гардууллаа.

Элчин сайд Т.Бадрал шилдгээр шалгарсан оюутнуудад хандан үг хэлэхдээ, мөнхийн хөршүүд болох Монгол, Хятад хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбар, тэр дундаа хүмүүнлэгийн салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суралцаж буй оюутан залуус энэхүү хүмүүнлэгийн хамтын ажиллагаа болон иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд томоохон үүргийг гүйцэтгэсээр ирсэн болохыг онцлов.

Цар тахлын улмаас 2020 оноос хойш тасалдаад байсан шилдэг оюутан шалгаруулах арга хэмжээг Хятад улсын цар тахлын хязгаарлалт цуцлагдаж, хэвийн горимд шилжиж байгаа нөхцөл байдлыг харгалзан 2023 онд зөвхөн бакалаврын түвшний оюутнууд дундаас 3 оюутныг шилдгээр шалгаруулсан бөгөөд “Бодь Интернэшнл” ХХК ивээн тэтгэсэн болно.

Тэргүүн байр:

Мөнхбаярын Эрхэмбаяр, Чинхуа Их сургуулийн Олон улсын харилцааны мэргэжлийн ангийн 4 дүгээр курсийн оюутан

Дэд байр:

Цогтын Саруул, Бээжингийн химийн технологийн их сургуулийн Химийн инженерчлэл ба технологийн мэргэжлийн ангийн 4 дүгээр курсийн оюутан

Гутгаар байр:

Үнэнбатын Буянзаяа, Чинхуа Их сургуулийн Сэтгэл судлал мэргэжлийн ангийн 3 дугаар курсийн оюутан.