images

"Нөхөрлөлийн сэтгэгдэл, хөршийн хэв маяг" Монгол, Хятадын гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулагдав.

Элчин сайдын яамны мэдээ

2024-01-11

410

"Нөхөрлөлийн сэтгэгдэл, хөршийн хэв маяг" Монгол, Хятадын гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Тяньжин хотын Урлагийн төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Д.Ганбаяр, Тяньжин хотын Гадаадын орнуудтай харилцах найрамдлын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Дун Инмин болон БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Тяньжин хотын хорооны дэд дарга асан хатагтай Цао Шиүрон нар үг хэлэв.

Энэхүү арга хэмжээнд Тяньжин хотын Хилийн чанад дахь Хятадын холбоо, Тяньжин хотын Хилийн чанад дахь Хятадын худалдааны танхим, Шинтиань гангийн үйлдвэр, гэрэл зураг, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс зэрэг 200 гаруй зочид төлөөлөгчид оролцов.

Үзэсгэлэнд Монгол, Хятадын гэрэл зурагчдын нийт 100 шилдэг бүтээл толилуулагдсан бөгөөд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос ирүүлсэн 11, Тяньжин хотын гэрэл зурагчин Дуань Тэжюний 89 шилдэг бүтээл тус тус багтжээ.  

Гэрэл зурагчин Дуань Тэжюнь нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралын урилгаар 2023 оны 7, 8 дугаар саруудад 2 удаа Монголын баруун болон хойд бүсийн аймгуудад ажиллан, авсан гэрэл зургуудаараа цомог гаргасан ба энэхүү цомогт багтсан шилдэг бүтээлээрээ тус үзэсгэлэнд оролцсон ажээ.

Энэ удаагийн үзэсгэлэн нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийгдэж буй анхны арга хэмжээ юм.