“Хүннү Эйр” Бээжин хот руу шууд нислэг хийж эхэллээ
Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр”компани Улаанбаатар-Бээжин чиглэлд 2023 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс шууд нислэг үйлдэж хийж эхэллээ.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан өнөөдөр Бээжин хотын Дашин олон улсын нисэх онгоцны буудалд уг нислэгийн нээлтийн ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, “Хүннү Эйр” компанийн захирал П.Мөнхжаргал, Дашин олон улсын нисэх онгоцны буудлын Дэд Ерөнхийлөгч Кун Юэ болон онгоц үйлдвэрлэгч Эмбраер компанийн Хятад дахь салбарын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гуо Чин нар тус тус оролцож үг хэлэв.
Дашин олон улсын нисэх онгоцны буудал нь 2019 онд анх нээгдэж, 2025 он гэхэд жилдээ 74 сая зорчигч хүлээн авахаар төлөвлөж буй Хятадын олон улсын болон орон нутгийн нислэгийн томоохон зангилаа болон хөгжиж байгаа нисэх буудал бөгөөд “Хүннү Эйр” компани ийнхүү тус нисэх буудал руу манай улсаас зорчигчийн хуваарьт нислэг хийж эхэлсэн анхны авиакомпани болж байна.