ЖИНДУН (JD.com) ЦАХИМ ХУДАЛДААНЫ ПЛАТФОРМ ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОН НЭЭГДЭВ
БНХАУ-ын Шанхай хотноо 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Хятадын цахим худалдааны Жиндун (JD.com) платформ дээр Монгол Улсын үндэсний павильоны албан ёсны нээлтийн арга хэмжээ боллоо.
Шанхай хотноо болж буй Хятадын олон улсын 6 дахь удаагийн импортын үзэсгэлэнг тохиолдуулан зохион байгуулсан уг арга хэмжээний нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шанхайд суугаа Ерөнхий консул Д.Болд болон Жиндун группийн дэд ерөнхийлөгч Е Вэй нар оролцсон бөгөөд арга хэмжээг нээж, ЭСЯ-ны дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг үг хэлэв.
Жиндун цахим худалдааны платформ нь 600 сая орчим хэрэглэгчтэй, хятадын цахим худалдааны зах зээлийн 26 хувийг эзэлж буй тус улсын цахим худалдааны салбарын хоёр дахь том компани бөгөөд Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийн нэр төрлийг нэмэгдүүлэх, хоёр улсын худалдааг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ тус компанитай 2023 оны эхнээс эхлэн хамтын ажиллагаа тогтоож, Монгол Улсын үндэсний павильоныг нээхээр ажилласан байсан юм.