images

Элчин сайд Т.Бадрал Монголын бизнесийн зөвлөл, Азийн төлөөх Боао форумтай хамтран зохион байгуулсан “Монгол-Хятадын бизнесийн яриа хэлэлцээ”-нд цахимаар оролцож, үг хэлэв

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-31

275

Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотноо 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монголын бизнесийн зөвлөл, Азийн төлөөх Боао форумтай хамтран зохион байгуулсан “Монгол-Хятадын бизнесийн яриа хэлэлцээ”-нд цахимаар оролцож, үг хэлэв. Уг арга хэмжээнд манай улсаас “Nova Terra” LLC, “Onch & Company” LLC, “Khanbogd Iraeta” LLC зэрэг 13 аж ахуйн нэгжийн төлөөлөл, хятадын талаас Хунань мужийн Гадаад худалдааг дэмжих хороо, “China Power engineering Consulting Group” Co., Ltd, “Trina Solar” Co., Ltd, “Sany Heavy Industry” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөл тус тус оролцов.

Элчин сайд Т.Бадрал арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, БНХАУ нь манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс Хятад улстай хийж буй худалдааг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ, нэр төрлийг төрөлжүүлэн нэмэгдүүлэхийг зорьж буйг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан Бээжин хотноо “Бүс ба зам” санаачилгын 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан дээд түвшний чуулга уулзалтад оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ хоёр талын хамтын ажиллагааны шинэ чиглэлийг ногоон эдийн засаг, шинэ эрчим хүч хэмээн тодорхойлсныг дурдаад энэ хүрээнд манай улсын нар, ус, салхины нөөцөд тулгуурлан экспортын баримжаатай эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байгааг мэдэгдсэнийг онцолсон юм.