images

Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын VII хурал амжилттай болж өнгөрлөө

Элчин сайдын яамны мэдээ

2023-10-12

232

Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын VII хурал БНХАУ-ын Үхань хотноо 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралд БОАЖ-ийн дэд сайд М.Ганбаатар, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны дэд сайд Дү Жян, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вахруков тус тус төлөөлөгчдөө ахлан оролцов.

 

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны дэд сайд Дү Жян хурлын үеэр хэлсэн үгэндээ Хятад, Орос, Монгол гурван улс нь газар зүйн хувьд ойр, ард түмэн нь хоорондоо дотно, газар зүйн хувьд давуу талтай, аялал жуулчлалын хамтын ажиллагаа хөгжүүлэх уламжлалт арвин туршлагатай гэв. Мөн тэрээр Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын уулзалтын механизмыг байгуулснаас хойш гурван талын хамтын ажиллагааны хүрсэн үр дүнг дүгнэж, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх талаар саналаа танилцуулав.

 

БОАЖ-ийн дэд сайд М.Ганбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вахруков нар гурван талт аялал жуулчлалын хамтын ажиллагааг бэхжүүлэх саналыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, “Түмэн бээрийн цайны зам" болон хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хэрэгжүүлэх, сурталчлахад талуудын бүх шатны аялал жуулчлалын холбогдох байгууллагууд хамтдаа идэвхтэй ажиллах шаардлагатайг тэмдэглэв.

 

Уулзалтын дараа гурван тал хамтран "Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын VII хуралдааны тэмдэглэл" болон "Түмэн бээрийн цайны зам" хөтөлбөр, маршрутыг бүтээн хөгжүүлэх, Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан гарын үсэг зурлаа.