images

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Хятад улсад эх орноо сурталчлах ажлын хүрээнд үндэсний соёл, урлаг, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, аялал жуулчлалыг татах цуврал арга хэмжээ болов.

Арга хэмжээ

2023-09-28

294

Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Хятад улсад эх орноо сурталчлах ажлын хүрээнд үндэсний соёл, урлаг, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, аялал жуулчлалыг татах цуврал арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд  БНХАУ-ын Хэбэй мужийн Ланфан хотын Торгоны зам олон улсын урлагийн солилцооны төвд амжилттай зохион байгууллаа. 

Цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид 2023 оны 9-р сарын 16-нд “Холын найзууд” гала тоглолт, 9-р сарын 17-нд “Мөрөөдлийн Ланфан-Олон улсын карнивал” арга хэмжээнд тус тус оролцож, 2 өдрийн турш 2000 гаруй үзэгчдэд уртын дуу, хөөмий, үндэсний бүжиг болон ардын хөгжмийн тоглолтоо толилуулав. Уг арга хэмжээнд манай улсаас гадна Орос, Испани, Малайз, Пакистан, Туркменистан зэрэг 10 улсын уран бүтээлчид, хамтлаг оролцсон юм. 

Мөн тус ЭСЯ-ны санаачилгаар 2023 оны 9-р сарын 23-24-ны өдрүүдэд “Монголд тавтай морил” соёл, аялал жуулчлал, манай улсын бараа бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг дээрх төвд зохион байгуулж, үндэсний урлагийн тоглолт, ноолууран болон үндэсний хувцасны загварын үзүүлбэр, монгол бүжгийн нээлттэй сургалт, хүүхдэд зориулсан гар зургийн булан, Монгол ахуйн хэсэг, аялал жуулчлалын талаарх танилцуулга зэргийг нийт 3000 орчим хүнд хүргэлээ.

Уг арга хэмжээний үеэр “МИАТ” компани үзэгчид дундаас нэг азтан шалгаруулж Бээжин-УБ-Бээжин чиглэлд нэг удаа үнэгүй нисэх эрхийн бичгийг гардуулан өгсөн юм.