ШААНЬСИ МУЖИД ХӨДӨӨ АЖ АХУЙН ФОРУМ, ЭКСПО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
БНХАУ-ын Шааньси мужийн Янлинд “30 дахь удаагийн Хятад Янлин хөдөө аж ахуй өндөр технологийн ололт амжилт экспо”, “2023 Дэлхийн хөрсний эрүүл ахуй форум”-ын нээлтийн ажиллагаа 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болов.
Уг нээлтийн ажиллагаанд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Шөхрит Закир, Хөдөө аж ахуй, тосгоны яамны сайд Тан Рэнзен, Шааньси мужийн дарга Жао Ган нар оролцож үг хэлснээс гадна Колумб, Киргиз, Өмнөд Африкын хөдөө аж ахуйн сайд болон дэд сайд зэрэг гадаадын зочид мөн оролцож үг хэлэв.
Хурлаар хөдөө аж ахуйн ололт амжилт болон хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж, хамтын ажиллагааны хэлбэр, цаашид хэрхэн хамтран ажиллах асуудлыг голлон хэлэлцэв. Мөн тус хурлын хүрээнд талууд дэлхийн нийтээр хөрсний эрүүл ахуй байдлын асуудлыг онцлон дурдаж хэлэлцэв. Уг асуудлын хүрээнд энэ удаагийн хурлаас “Дэлхийн хөрсний эрүүл ахуй” санаачилгыг гаргаж буйг албан ёсоор зарлалаа.
Мөн энэ удаагийн экспогийн хүрээнд “ШХАБ-ын үйл ажиллагааны хэрэгцээ ба солилцоо хөрөнгө оруулалтын танилцуулах хурал”-ыг зохион байгуулсан бөгөөд уг хуралд тус ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгч бөгөөд зөвлөх Ц.Түмэнбаяр оролцож, Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, илтгэл тавив. Уг хуралд Азербайжан, Турк, Пакистан, Казахстан болон Непал улсын төлөөлөгч мөн оролцож дараах илтгэлүүдийг тавьсан юм. Үүнд:
- ШХАБ-ын хөдөө аж ахуйн сургалтын жишиг баазын танилцуулга
- Хубэй мужийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн Малын эмнэлгийн судалгааны төвийн шинэ ололт ба олон улсын хамтын ажиллагааны талаар
- Хятад улс-ШХАБ-ын орон нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үйлчилгээний платформ
- Хятад улс-ШХАБ-ын орон нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны төв-Селений өндөр агуулга бүхий хөдөө аж ахуйн хөгжил дэх гео шинжлэх ухааны хувь нэмэр
- Газар тариалангийн олон улсын худалдаа болон дэлхийн хүнсний аюулгүй байдал
- Шандун Вейчай Lovol олон улсын төслийн танилцуулга
- Фузэнь Шэннун болон “Шэнзө 901” цагаан өдөт махны тахианы танилцуулгыг хийв.
Түүнчлэн энэ удаагийн экспод “Глобал Шинэ трейдинг” компани оролцож, Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширэн болон хөдөө аж ахуйн гаралтай нийт 30 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулан оролцож байна.