МОНГОЛЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Бээжин хотоос 50 гаруй километрийн зайд орших Ланфан хотын Торгоны замын олон улсын урлагийн солилцооны төвд 2023 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд “Монголын соёл, аялал жуулчлалын фестиваль” зохион байгуулна. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсыг сурталчлах зорилготой уг арга хэмжээний үеэр үндэсний соёл, урлагийн тоглолт, үндэсний онцлогтой хувцас, ноолууран эдлэл, бараа бүтээгдэхүүний загварын шоу зохион байгуулж, монгол хоолны дээжээс танилцуулна. Мөн энэ үеэр Монголын байгалийн үзэсгэлэнт газар, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлахын зэрэгцээ Монголын үндэсний биелгээ бүжиг, Монгол бичгийн уран бичлэг болон эсгий гар урлалын сургалт явуулж, хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн зургийн хичээлийг үнэ төлбөргүй заах юм.