images

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ЦАМЫН БАГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Арга хэмжээ

2023-06-24

397

Монголын уламжлалт ёс заншил, соёл урлагийг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Монголын соёл, мэдээллийн төвд 2023 оны 6-р сарын 23-ны өдөр цамын баг болон хувцас хэрэглэл, монгол зураг, баримал бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ.

Тус ЭСЯ-наас санаачлан Монголын МАСК музейтэй хамтран зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнг нээж, Элчин сайд Т.Бадрал үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, түүхийн нугачааны улмаас 1937 онд устаж үгүй болсон цамын багийг 70 жилийн дараа өдгөө Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж буй Нацагийн Ганхуяг судлан 108 багийг иж бүрнээр нь дахин сэргээж урлан 2007 онд Улаанбаатар хотын төв талбайд Монголын ард түмэнд дэлгэн танилцуулж байсныг тэмдэглэхийн зэрэгцээ монгол цамын багийг урлах эрдэм, туршлагаа МАСК музейн уран бүтээлчдэд зааж сурган өвлүүлсэнд талархал илэрхийлэв.

Мөн үзэсгэлэнгийн нээлтээр Монголын МАСК музейн захирал, Соёлын элч Н.Ганхуяг хэлэхдээ Монгол Улсаа сурталчлан таниулах олон талт үйл ажиллагааг дэлхий дахинаа сүүлийн 25 жилийн хугацаанд тууштай явуулж ирснээ дурдаад Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэл, цамын багийн үзэсгэлэнгээ гадаадын улс орнуудаар тойрон дэглэн үзүүлж, монгол өв соёлоо сурталчлах төлөвлөгөөтэй байгаагаа тэмдэглэв.

Энэхүү арга хэмжээний үеэр Монголоос хүрэлцэн ирж оролцож буй МАСК музейн уран бүтээлчид цамын багийг цаасан шуумлаар хийх арга, техникээ ирсэн зочдод сонирхуулснаас гадна цамын бүжиг, Хүрээ цамын тухай танилцуулсан юм.