images

МУЕПГ: БНХАУ-тай авлига, мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллана

Элчин сайдын яамны мэдээ

2023-06-06

306

Монгол Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханы урилгаар БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Прокурорын хорооны байнгын гишүүн Ван Чун тэргүүтэй зочид төлөөлөгчид 2023 оны 6 дугаар сарын 01-нээс 03-ны өдрүүдэд Монгол Улсын ерөнхий прокурорын газарт албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Прокурорын хорооны байнгын гишүүн Ван Чуныг хүлээн авч уулзан, хоёр улсын прокурорын байгууллага болон хил орчмын прокурорын газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар ярилцав.

Энэ хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хүргүүлсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан хүн, хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авахад дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээ, мэдээллийг тухай бүр нь солилцон ажиллахаар тохиролцсон байна.

БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Прокурорын хорооны байнгын гишүүн Ван Чун тэргүүтэй зочид төлөөлөгчдийн айлчлал нь Авлига, албан тушаал, Мөнгө угаах зэрэг үндэстэн дамнан үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх, хулгайлагдсан хөрөнгө орлогыг буцаан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж хоёр тал дүгнэв.

Эх сурвалж: https://prokuror.mn/