images

ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ “БҮС БА ЗАМ” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД БАЙГАЛИЙН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ОНЦГОЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕХАНИЗМЫН АНХДУГААР ХУРАЛД ОРОЛЦОВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-02-15

292

Элчин сайд Т.Бадрал 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын Онцгой байдлын яамнаас “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулсан гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх механизмын анхдугаар хуралд оролцов.
Хуралд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Гадаад хэргийн яам, Хөгжил шинэчлэлтийн хороо, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газрын удирдлага болон Монгол, Пакистан, Саудын Араб, Өмнөд Африк, Алжир, Чили зэрэг 20 улсын Элчин сайд, НҮБ, Улаан загалмайн олон улсын хорооны төлөөлөгчид оролцов. Мөн 51 улсын Онцгой байдлын байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид цахимаар оролцсон бөгөөд ОБЕГ-ын дарга, хошууч генерал С.Ариунбуян үг хэлэв.

Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Ван Шянши-тэй уулзаж, хятадын талаас санаачилсан хамтын ажиллагааны механизмын ажиллагаанд амжилт хүсч, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Монгол, Хятадын онцгой байдлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар “CGTN” телевизэд ярилцлага өгөв.
Турк, Сири улсуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амь эрсдэн эдийн засагт асар их хохирол учирч, гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж буй энэ үед тус хурлыг зохион байгуулж, оролцогч талууд байгалийн гамшгийн хор хөнөөлийг арилгах, онцгой байдлын хүчин чадавхыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн ярилцсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг