МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ “САР ШИНИЙН БАЯР”-ЫГ УГТСАН МОНГОЛ, ХЯТАД ХҮҮХЭД БАГАЧУУДЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нaaс Монголын уламжлалт “Сар шинийн баяр”-ыг тохиолдуулан Хятадын Сун Чинлинь сан болон Embassy Biz ТББ-тай тус тус хамтран Монгол, Хятадын хүүхэд багачуудын соёлын солилцооны арга хэмжээг 2023 оны 2023 оны 2 дугаар сарын 8, 10-ны өдрүүдэд ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгуулав. Эдгээр цуврал арга хэмжээнд Бээжин хотын Тун Жөү, Хай Дянь дүүргийн бага сургуулиудын хүүхдүүд болон Бээжин хотноо оршин суугаа монгол хүүхэд багачуудын төлөөлөл оролцов.
Удахгүй болох гэж буй сар шинийн баярыг угтсан эдгээр соёлын арга хэмжээний хүрээнд монгол хүүхдүүд цагаан сарын баярыг тэмдэглэх ёс, зан үйлийг харуулсан жүжигчилсэн тоглолт үзүүлж, Монгол орон болон Монголын зан заншил, өв соёлын тухай танилцуулга хийснээс гадна монгол биелгээ бүжиг, үндэсний хувцасны загвар зэргийг хүрэлцэн ирсэн зочиддоо толилуулав.
Хятад хүүхдүүд Хятадын уламжлалт Хаврын баяр, Шинийн 15-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал, ёс заншил болон хятадын хоолны соёлын талаар танилцуулахын зэрэгцээ Ушу бие хамгаалах урлаг, Бээжин дуурь, хоор дуу дуулж мэндчилгээ дэвшүүлсэн болно.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төв 2022 оны 10 дугаар сард нээгдсэнээс хойш эх орноо сурталчлах, соёлын солилцоог нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын иргэд болон тус улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, гадаад иргэдэд чиглэсэн нийт 12 удаагийн арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм.