БНХАУ-Д ЗОРЧИЖ, ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДЭД
Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигч, тээврийн боомтуудын үйл ажиллагааг 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээж, иргэдийн урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, анхаарах зүйлийн талаар дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
- Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,
- БНХАУ-ын хилээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хатуу хориглодог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ачаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах, авсан тохиолдолд сайтар шалгах,
- Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
- Согтууруулах ундаа, тамхи зэрэг хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирсэн тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг.
- 5000 ам.доллар болон 20,000-аас дээш юань бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds)-ыг биедээ авч явах тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, хураах, торгох арга хэмжээ авдаг болно.
Хоёр. БНХАУ-д оршин суух хугацаанд анхаарах зүйлс:
- БНХАУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, тус улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
- Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж байх, хугацаа нь дуусахаас өмнө цаг тухайд нь шинээр авах,
- Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхгүй байх. Хэрэв бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, өөрт ойрхон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-т хандан шинээр захиалах, эсвэл буцах үнэмлэх авах,
- Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Өөрчлөлт орсон тохиолдол болон удаан хугацаагаар байнгын оршин суух хаягаас явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэж байх,
- Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтыг хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
- Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,
Монгол Улсын эрхэм иргэн танд консулын хамгаалал, дэмжлэг шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдох боломжтой.
Бээжинд суугаа ЭСЯ: +86(10)65321203,+8617600787323, [email protected],
Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, [email protected],
Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261, [email protected],
Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299, [email protected],
Эрээнд суугаа КГ: +86 15647964334, [email protected]
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР
МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭСЯ