Улс төрийн харилцаа
2022-12-28
Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дипломат харилцаа тогтоосон. Монгол, Хятадын хилийн шугам 4709,6 км үргэлжилдэг. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн. Монгол Улс 1991 онд ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрыг сэргээн байгуулж, 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бөгөөд 2007 онд Консулын газар болгон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Мөн 2011 онд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газрыг байгуулсан. БНХАУ-ын Шанхай хотод 2012 онд Консулын төлөөлөл ажиллуулж байгаад 2019 онд ЕКГ болгон өргөжүүлсэн. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайларт 2014-2017 оны хооронд Консулын газар байгуулан үйл ажиллагаа явуулж байгаад тус хотын Манжуурт 2020 оноос КГ байгуулан ажиллаж байна.
Харилцааны түвшин
1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан гэрээг байгуулагдсан. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1994 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.
2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.
2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааны түвшинг дээшлүүлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлж байна